Борооны дуслууд бөглүүхэн дуугаар цонх товших чимээнээр тамираа алдсандаа иш нь гулдайж, том гэгчийн дэлбээгээ духайлган цонх түшсэн тасалгааны цэцэг сая нэг ухаан орох мэт сүүмийх авч өөрийн биеийг эгцэлж үл чадна. Ус ундаа нь холдсоноос тэр ядарч туйлдахын эцэст хүрчээ.
Хоорондоо өрсөлдөх мэт уралдан буух борооны бүлээн дуслууд цонхны шил даган намиран урсана. Нартай бороо болоод тэр үү наалинхай гэж жигтэйхэн. Цонхны харалдаах цэцгийн мандлын хэдэн цэцэгс намираа борооны зөөлхөн шиврээнд нэвширтэл норсон хэрнээ цаанаа нэг таатай. Тэдний үндэслэсэн хар хүрэн хөрс сүүлийн хэд хоногийн турш шатаах шахам шарсан наранд ангасан ангаа нь тайлагдаж, тэр ч байтугай тэрүүхэн тэндээ шалбааглах аятай. Бороон завсраар үес үесхэн сэгэлзэх сэвэлзүүр салхинд наашаа нэг, цаашаа нэг үелзэн найгацгааж биеийн чилээг үргээнэ. Олуулаа байх сайхаан.
Өнөөдөр л бүх юм эхэлж байгаа мэт тэдний аяг нь өчигдөрийг хүртэл шарсан их нарыг өчигдөртэй нь хамт мартсан бололтой. Байгалийн араншин гэж энэ юм даа. Үхсэн ч, сэхсэн ч байгальтайгаа л дуусах тэдгээр цэцэгс одоо өнгө өнгийн дэлбээгээ дэлгэн үзэх нүдийг баясгах нь үнэхээрийн жаргалтай.
Харин цонхны тавцан дээр өнөөх ганц тасалгааны цэцэг шавар вааранд шалчийж хорчийн өнгө зүсээ алдан хэрвээ дуутайсан бол гийнан гиншиж байна уу гэлтэй сулбайн унжина. Нэгэн цагт эзнийхээ арчилгаанд эрэмшин энэ муу ваарандаа багтаж ядатлаа, ээ дээ мөн ч сагсайтал ургасансан. Сайхан цаг байж дээ тэр үе. Салхивчаар сэвэлзэх өглөөний цэнгэг агаарт навчны үзүүрийг сэгэлзүүлсэн шиг ээ, цаг цагт услах тогтмол усалгаанд цадаж, цамаархаж, цаашилхаараа бүр цанхаалж. Цагиргалсан их үндсээрээ цадахаа мэдэхгүй ховдоглож, цагаан, цагаан дэлбээгээр цээжээ дэлдэж, цалгиж явсан даа хөөрхий. Тэгж байхдаа тэртээд харагдах мандлын хэдэн цэцэгсийн бие биенээ түшин бээцийлдэн байхыг хараад тэнгэрээс хур царайчилсан тэдний хувь тавиланг хөөрхийлөн тохуурхаж, тогтмол цагаар тордуулсан өөрийнхөө заяанд омгорхож суусансан. Хэдийгээр бид бие биендээ нөлөөлөхгүй ч гэсэн хэрэггүй л байж дээ бусдыг шоолж суудаг маань. Тэдэнд тохиолдсон зовлон надад ирж болноо гэдгийг яагаад би ингэж угтаан тултал хатаж хорчийн байж ойлговоо. Ойлгох ч яахав нэг хэрэг. Оройтсон байвал яанав.
“Юм юмны хувь заяа гэдэг юутай гачлантай. Одоо яая гэхэв дээ зайлуул, очиж очиж мандлын цэцэг болдог та нар ха ха” гэж ирээд л үгүй ээ мөн их басамжилсансан. Өсөхөд жаргаасан жаргал үүрдийнх хэмээн эндүүрсэн би үйлийн үр гэдэг эргэж ирдэгийг тэр үед мэдээгүй. Хажууд минь савтай ус байлаа ч хатаж ангахын зовлонд нэрвэгдэж, хатуухан хорвоогийн зовлонд харин ч нэг лавхан унаж дээ би. Ороолдож хэрэлдсэн хэдэн үндэс маань одоо ч гэсэн учраа олохгүй хий дэмий л бие биенийгээ хэмлэцгээж байх шиг. Салаалж ургасан мөчирс минь салбайж унжаад, гашуудлын вальс енгэнүүлэн ганц нэгээрээ тасран унаж буй дэлбээгээ харах юм чинээ санаж явсангүй. Гадаа байгаа тэдгээр цэцэгс ганц юмаараа надаас илүү юмаа гэдгийг гайгүй сайн ойлгох шиг. Тэр нь тэмцэх чадвар юм байхаа даа. Орчлонгийн эрээн барааныг өөрсдөө л давж гардаг тэр л чанараараа тэд надаас давуу байж. Тэрийг нь мэдэхгүй би мөн ч их тэнэглэсэн дээ.
Гадаа, гэрт ер нь хаа ч ургасан бай цэцэгс бид бол хайр. Харин хайрыг тэмцэж байж оршоодог юм байхаа даа. Хэн нэгнээс дэм харж амьдрана гэдэг хэзээ нэгэн цагт дуусахын дохио бололтой.
No comments:
Post a Comment